Содномдорж

Tuesday, November 15, 2016

“Монгол орны өвс ургамал”

“Монгол орны өвс ургамал” Манай орны ургамлын аймаг Хойд хэсэгтээ Сибирийн тайгын, өмнөд хэсэгтээ Төв Азийн хээр, цөлийн ургамлаас бүрдэл болдог нийт 2800 гаруй зүйлийн ургамлаас бүрдэнэ. Үүнээс дэлхийд нэн ховор хийгээд зөвхөн Монголын гэх тодотголтой ургамлын төрөл зүйл нэлээдгүй бий. Монгол орны ховор болон нэн ховор ургамлын төрөл зүйл болон хамгааллын талаар биологийн ухааны доктор Д.Сурантай ийнхүү ярьсан юм. Д.Сурантай: Манай оронд Говийн цагаан гоёо, улаан гоёо, вансэмбэрүү гэх мэт дэлхийд байдаггүй, ховор ургамал бий. Сүүлийн жилүүдэд эдгээр ургамлын ашиглалтын байдал нэлээд ихсэж байгаа учраас улам бүр ховордож байна. Монгол орны Байгалийн ургамлын хуулиар бүртгэгдсэн 155 зүйлийн нэн ховор, 360 гаруй зүйлийн ховор ургамлыг мэргэжлийн байгууллага, судлаачид тогтоосон. Түүнээс гадна Монгол орны улаан номонд 100 гаруй доод, дээд ургамал бүртгэгдсэн байдаг. Манай зэргэлдээ Дундад Ази, Сибирь, Алс Дорнодод ургадаггүй, зөвхөн монголд ургадаг, монголын унаган ургамлууд гэж нэрлэгддэг хэд хэдэн ургамал бий. Өөрөөр хэлбэл зөвхөн Монголд тархалтын цэг нь байдаг. Дэлхийн дулаарал, цөлжилт, хуурайшилтын процессын уршигт Монголын нутаг дэвсгэр дээр байгаа энэ ургамлууд бас өртөж байна. Дэлхий нийтэд 20-р зууны үеэс ургамал, амьтны аймгийн ховор төрөл зүйлүүдийг хамгаалахаар дархан газруудыг байгуулж байсан энэ байдал одоо ч үргэлжилж байгаа. Гэхдээ энд нэг зүйлийг орхигдуулж явсан гэдгийг Олон улсын байгууллагууд хүлээн зөвшөөрсөн. Энэ нь дан амьтны аймгийн тухай асуудал яригдаад байсан болохоос ургамлын чухал, ховор төрөл зүйлүүд манай шим ертөнцийн салшгүй нэг том бүрэлдэхүүн хэсэг гэдэгт бага анхаарч иржээ. 21-р зуунд Японд болсон олон улсын чуулганаас үүнийг онцгой анхаараад “Ургамал хамгааллын глобаль стратеги”-ийг боловсруулж гаргасан байдаг. Манай улсын хувьд энэ глобаль стратегийн хүрээнд Үндэсний стратегийг ямар байдалтай боловсруулах вэ гэдэг дээр манай мэргэжлийн хүмүүс, Байгаль орчны яам хамтран ажиллаж байна. Дэлхийн байгалийн нөөцийн нэг үнэт баялаг нь эмийн ургамал юм. Манай орны нутаг дэвсгэрт Алтангагнуур, Эгэл-годил, Том навчит дэгд, Дэрвэгэр жиргэрүү, Монгол догар, Ягаан цээнэ, Шар хорс, Их шүүдэргэнэ, Алтайн сонгино, Ацан цахилдаг, Эмийн бамбай, Үнэгэн сүүлхэй, Үлдэн могойн идээ, Монгол хунчир зэрэг 800 орчим зүйлийн ургамал нь эмийн ач холбогдолтой юм. Монгол хунчир гэхэд 170 гаруй эмийн найрлагад ордог, уламжлалт анагаах ухаанд түгээмэл хэрэглэдэг бөгөөд дархлаа дэмжихэд нөлөөлдөг эмийн ургамал ажээ. Өвс ургамал түүж тусгай жороор жинхэнэ байгалийн гаралтай эм бэлтгэн, нутгийн олондоо тус хүргэж яваа олон буянт буурал хөдөө орон нутагт амьдарч байна. Тэд эмийн ургамал түүх хугацаа, хатааж бэлтгэх арга, эмийн жор барих ухааныг эцэг эхээсээ өвлөн авч, үр хойчдоо уламжлуулсаар явна. Тэдний нэг нь Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул Ханджав гуай юм. Түүний амьдардаг нутагт вансэмбэрүү, алтан гагнуур, гандигар, цэнхэр цагаан, юмдүүжин, нохойн хошуу, манчин зэрэг олон зүйл эмийн ургамал ургадаг. Зарим нэр төрлийн эмийн ургамлын онцлог, ач холбогдлын талаар өндөр настан Ханджав гуайгаас сонирхсон юм. Өндөр настан Ханджав: Би хүүхэд ахуй цагаасаа энэ сайхан үзэсгэлэнтэй байгаль, төрсөн нутагтаа малчин болъё гэсэн бодолтойгоор төдийгөөс өдий хүртэл малын хажууд амьдарч явна. Манай Жаргалант нутаг говь хангай хосолсон их сайхан нутаг. Эрээн нуур, Ажиг нуур, Дөрөө нуур гээд сайхан нуур цөөрөм ихтэй. Энэ сайхан байгалийнхаа ивээл буянд малаа маллаад өдий зэрэгтэй явж байна. Манай нутагт ер нь ургахгүй ургамал гэж үгүй. Тэр болгоныг судалж мэдэж чадахгүй л байна. Эмийн ургамал гэхэд л төрөл бүрийн ургамал их ургана. Намайг бага байхад л аав ээж маань энэ ургамал тэрэнд энэнд сайн гэж зааж өгч байсан. Ер нь ургамал буцалгаад ууж хэвшсэн хүн ханиад томуу хүрнэ гэж байхгүй. Эм ууж байхаар мэддэг бол ургамал буцалгаад уувал хүний бие эрүүл байна гэж боддог. Тухайлбал нохойн хошууг би хүүхэд ахуйгаасаа л түүсэн. Энэ ургамал даралтанд их сайн, ер нь олон талын ид шидтэй. Таван салаа гэхэд таван судалтай ургамал байна. Яр шарханд маш сайн. Бидний нэрлэдэг ганц хуруутах үед хэрэглэхэд үйлчилгээ нь гойд. Эмтэй харьцуулшгүй. Тунг нь тааруулаад тавихад тэр дороо эдгэнэ. Аживцэрэн гэж ургамал байна. Ханиад томуунаас сэргийлнэ. Ханиад хүрсэн үед ч уухад дороо эдгэнэ. Юмдүүжин гээд ургамал байна. Үүнийг эмэгтэйчүүдийн өвчинд сайн гэдэг. Мөн Хан хөхийн шар цэцэг гэж байна. Мөн л яр шарханд сайн нөлөөтэй. Гар хөлөө огтолсон барьсан үед үүнийг хэрэглэвэл тэр дороо үйлчилгээ үзүүлнэ. Тавиад боосон ч болно. Буцалгаад уусан ч болно. Үүргэнэ гэж ургамал бий. Энэ ургамлыг эрт үед монголчууд тосонд хольж иддэг байсан. Үүргэнэ говьд ургахгүй Хангайд ургадаг ургамал. Малд хүртэл ашиг тустай. Сүү оруулна. Тарга тэвээрэг өгнө. Төрсөн хүнд хүртэл их сайн. Энэ цэцэг ургамлыг түүж, хатааж бэлдээд цаг тухай бүрд нь хэрэглээд байвал эмийн шаардлагагүй хүнийг эдгээнэ. Өвс ургамлыг түүх нарийн хугацаа бий. Хатсан хойно нь хумхиад авчихдаггүй. Халгай гэхэд л 4 хуруу ургасан халгай сайн гэдэг. Нохойн хошууг зөвхөн 8 сард л түүдэг гэх мэтчилэн хүнд хэрэг болох цаг хугацаанд нь түүж авбал ашиг шимээ өгнө. Ургамал нь эмийг бодоход хүнд зохихгүй сөрөг нөлөөтэй байна гэж бараг байхгүй дээ. Байгальдаа байгаа, үнэ өртөг орохгүй, цэвэр газар ургаж байгаа ургамал хүний биед маш сайн. Зарим ургамал угаасаа эмийн найрлагад ордог. Биднийг бага байхад ээж аав маань малд дагуулан явж энэ ургамал малд ийм ач тустай, энэ ургамал хүний биед тийм нөлөөтэй, таньж ав гээд зааж өгдөг байсан. Ахмад үеийнхэн бид тэр журмаараа ойр тойрныхондоо эм тангийн оронд ийм ургамал хэрэглэдэг юм гэж мэдүүлж өвлүүлж байх нь чухал гэж би боддог. Монголын уламжлалт анагаах ухааны нэг томоохон салбар нь эмийн ургамал, эрдсийн гаралтай эмт бодисын судлал юм. Манай улсад уламжлалт анагаах ухааны чиглэлээр зургаан эмийн үйлдвэр байгаа бөгөөд нийт 200 гаруй төрөл зүйлийн эм хийж байна. Эдгээр эмийг хийхэд тарималжуулсан бус цэвэр байгалийн аглагт ургаж буй ургамлуудыг ашигладаг учир чанарын хувьд бусад дорнын уламжлалт эмийг бодвол зуун хувь илүү гэж “Мамба дацан” эмийн үйлдвэрийн захирал, МУ-ын гавьяат эмч, доктор, профессор Д.Нацагдорж хэлсэн юм. Монгол орны нэн ховор, ховор эмийн ургамлууд нь дотроо эртний гаралтай учир өөрийн жамаар аажмаар устаж сөнөх хандлагатай, нөгөөтээгүүр ган гачиг, хуурайшил, хүчтэй салхи, үер зэрэг цаг уурын болоод хүн амьтны сөрөг нөлөөллөөс болж ховордох, устах эрсдэлтэй ургамал гэж хуваагддаг. Тиймээс эмийн ургамлын ботаник цэцэрлэгийн цуглуулгаас нэн ховор болон ховор ургамлын генийн санг бүрдүүлэх судалгааг амжилттай хийгээд байна. Судалгаагаар 14 төрлийн ургамлыг ургадаг байгалийн орчноос нь авч, тарималжуулан туршжээ. Үүний үр дүнд Алтан гагнуур, Ацан цахилдаг, Их шүүдэргэнэ, Монгол догор, Эмийн бамбай, Ягаан цээнэ, Сибирь ерөндгөнө зэрэг нь “маш ирээдүйтэй”, Үхэр дэгд ургамал нь “ирээдүйтэй”, Дэрвэгэр жиргэрүү ургамал нь үрийн соёололт удаан учир цэвэр хөрсөнд тарих харин Эгэл годил өвс ургамал нь усан болон чийгийн хангамж өндөртэй голын усаар угаагдсан элстэй орчинд ургах боломжтойг тогтоожээ. Сонирхуулахад, Ховор болон нэн ховор ургамал манай улсын 16 аймгийн нутаг дэвсгэрт ургадаг. Ялангуяа Хөвсгөлийн тайга ховор ургамлаар баялаг нутаг билээ.

No comments:

Post a Comment